Xplained | Спот арилжаа гэж юу вэ?

2022-10-24

Спот арилжаа гэх тодорхойлолт нь криптогоос өмнө үүсэлтэй бөгөөд анх үүсэх болсон шалтгаан нь ямар нэгэн өдрийг цэг болгон сонгож бараа таваар, хувьцаа гэх мэт зүйлсээ арилжиж, хүргэлт хийдэг байсантай холбоотой. Харин крипто ертөнцөд спот арилжаа гэх нэр томьёо ашиглах болсон нь арилжиж байгаа зүйл нь цахимаар шууд шилждэг болсноос үүдэн спот хэмээн нэрийдсэн гэж үздэг.

Спот арилжаачид үнэ цэнэ нь өснө гэж үзсэн хөрөнгөө худалдан авч үнийн зөрүүнээс ашиг олдог бөгөөд үнийн уналт болон өсөлтийн алинаас нь ч ашиг олох боломжтой байдаг. 

Энэхүү үйл явц нь үнэ цэнэ нь унана гэж бодсон хөрөнгөө зээлэн авч өнөөдрийн ханшаар зах зээл дээр борлуулан үнэ цэнэ нь унасны дараа буцаан худалдан аван зээлээ төлөх процесс юм.

Жишээлбэл, өнөөдрийн ханшаар ETH 1,000 долларын үнэтэй байлаа гэж төсөөлье. 1 ETH-ийг биржээс зээлж аваад тухайн ханшин дээр зараад хэсэг хугацааны дараа ETH ханш 900 доллар болох үед буцаан худалдан авч, 1 ETH-ийн зээлээ төлөн үнийн зөрүүгээс 100 долларын ашиг хийх боломжтой.

Тухайн хөрөнгийн зах зээлийн үнийг спот үнэ гэж нэрлэдэг. Хөрөнгө оруулагчдын захиалга өгсөн үнэ болон хугацаагаараа захиалгын дэвтэрт эрэмбэлэгддэг. Та market price буюу зах зээлийн үнийг ашиглан захиалга өгснөөр тухайн хөрөнгийг хамгийн боломжит спот үнээр нэн даруй худалдан авах эсвэл зарах боломжтой.

Таны захиалга худалдах, худалдан авах хоёр талын ижил нөхцөл бүрдсэн тохиолдолд биелэгдэнэ. Жишээлбэл, та тухайн биржийн арилжааны хэмжээнээс хэт их хэмжээгээр захиалга өгөх эсвэл зах зээлийн үнээс өөр үнээр захиалга өгөхөд таны арилжаа биелэгдэхгүй.

Та тухайн хөрөнгийг их хэмжээгээр авах эсвэл зарах захиалга өгөх, зах зээлийн үнээс доогуур эсвэл дээгүүр үнэ санал болгож буй тохиолдолд OТC маркет буюу биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаанд оролцох боломжтой байдаг. 

Спот арилжааны хувьд тухайн хөрөнгө болон биржийн нөхцөлүүдээс хамааран арилжаа нь 2 талаасаа батлагдсан ч тухайн хөрөнгө таны нэр дээр шилжих үйл явц нь шууд эсвэл ихэвчлэн T+2 хоногийн дотор хийгддэг. T+2 гэдэг нь арилжаа хийгдсэн огноо дээр нь ажлын хоёр өдөр нэмэгдэнэ гэсэн үг юм. Харин крипто зах зээлүүд 24/7 ажилладаг бөгөөд ихэвчлэн шуурхай арилжаа хийх боломжийг олгодог хэдий ч P2P худалдаа эсвэл биржийн бус зах зээл (OTC)-ээр дамжуулан арилжаа хийх үед захиалга биелэхэд хугацаа шаардагддаг байна.