Xplained | Крипто Олборлолт /Mining/ гэж юу вэ?

Ихэнх хүмүүс крипто олборлолтыг шинэ койн бий болгох үйл явц гэж ойлгодог ч крипто олборлолт нь блокчэйн сүлжээн дэх криптовалютын гүйлгээг баталгаажуулж, бүртгэлийг хийдэг процесс юм. Энэхүү процессыг гүйцэтгэсэн этгээд урамшуулал буюу шинээр криптовалют авахыг “Крипто олборлолт” гэж нэрлэдэг байна. Крипто олборлолтын хамгийн чухал нь төвлөрсөн бус системд давхар бүртгэл үүсэхээс сэргийлдэг.
Биет мөнгөн тэмдэгтүүдийн нэгэн адил хэрэглэгч криптовалютыг зарцуулсан үед дижитал бүртгэл нь нэг дансны дебит, нөгөө дансны кредитээр шинэчлэгдэх ёстой. Гэсэн хэдий ч дижитал мөнгөн тэмдэгтийн хувьд дижитал платформуудыг хялбархан удирддаг байна. Биткойны хувьд, бүртгэл нь зөвхөн баталгаажуулсан биткойн олборлогч нарт дижитал бүртгэл дээрх гүйлгээг шинэчлэх боломжийг олгодог. Энэ нь биткойн олборлогч нарт сүлжээнд давхар бүртгэл үүсэхээс сэргийлэх нэмэлт үүрэг хариуцлага болдог байна.
Мөн биткойн олборлогч нар нь сүлжээний найдвартай байдлыг хангах болон гүйлгээг баталгаажуулсны хариуд зохих хэмжээний биткойноор шагнагддаг байна. Сүлжээний бүртгэлд төвлөрсөн дан ганц эрх мэдэл байхгүй, олон биткойн олборлогч нар оролцдог нь гүйлгээг давхардуулахгүй, аливаа алдаагүй бүртгэхэд тусалдаг гэж хэлж болно.
Крипто олборлогч нар нь гүйлгээг баталгаажуулж, шинээр биткойн үйлдвэрлэхийн тулд Proof of Work (PoW) зөвшилцлийн алгоритмыг ашиглаж эхэлсэн. PoW нь блокчейн сүлжээг гаднын аливаа халдлагаас хамгаалдаг.
Криптовалютыг хэрхэн олборлох вэ? Түүний төрлүүд.
Криптовалютыг олборлохын тулд нарийн төвөгтэй, криптограф математикийн тооцооллыг шийдвэрлэхэд зориулагдсан тусгай программ хангамж бүхий компьютер шаардлагатай. 2008 оноос хойш эхний хэдэн жилүүдэд, биткойн зэрэг криптовалютыг гэрийн компьютер дээр энгийн CPU-гээр олборлож болдог байсан бол сүүлийн жилүүдэд CPU ихэнх криптовалютыг олборлоход боломжгүй болсон. CPU-гээр крипто олборлох нь цахилгаан болон хөргөлтийн зардал өндөр, бусад хүндрэл ихтэй бага зэргийн ашиг олохын тулд хугацаа их шаардагддаг байна.
Одоо цагт криптовалютыг олборлохын тулд тусгай GPU эсвэл програмд зориулагдсан нэгдсэн хэлхээний ASIC олборлогч шаардлагатай. Нэмж дурдахад, олборлолтын төхөөрөмжийн GPU-ууд нь найдвартай интернэт холболтод байнга холбогдсон байх ёстой. Мөн крипто олборлогч нар нь онлайн крипто олборлолтын Mining Pool-д бүтгүүлсэн байх шаардлагатай.
GPU олборлолт нь криптовалют олборлох өөр нэг арга бөгөөд энэ нь нэг крипто олборлогч нь олборлолтын сүлжээнд GPU-г нэгтгэснээр тооцооллын хүчийг дээд зэргээр нэмэгдүүлдэг. GPU олборлолт хийхэд эх хавтан болон хөргөлтийн систем шаардлагатай болдог.
ASIC олборлолт GPU-гээр олборлолт хийхээс ялгаатай нь ASIC олборлолт тусгайлан криптовалют олборлоход зориулагдсан тул GPU-ээс илүү олон тооны криптовалютыг үйлдвэрлэх хүчин чадалтай ч цахилгаан зарцуулалт өндөртэй, үнэтэй, хурдан элэгдэлд ордог.
GPU болон ASIC олборлолтын зардал байнга нэмэгдэж байгаатай холбогдуулан cloud олборлолт улам бүр түгээмэл болж байна. Cloud олборлолт нь хувь хүмүүст томоохон корпорацуудын болон тусгай зориулалтын крипто олборлох байгууламжийн төхөөрөмжийг ашиглах боломжийг олгодог.
Cloud олборлолт хийж байгаа хувь хүмүүс онлайнаар төлбөртэй болон үнэгүй cloud төхөөрөмж ашиглан крипто олборлох боломжтой бөгөөд энэ арга нь өнөө цагт хувь хүмүүст криптовалют олборлох хамгийн үр өгөөжтэй арга юм.
Ихэнх улс орнууд криптовалютыг зохицуулах хууль батлаагүй байгаа бөгөөд крипто олборлолтын хувьд ч гэсэн зохицуулалт нь тодорхойгүй түвшинд байсаар байна. Дүгнээд хэлэхэд, крипто олборлогч нар байгальд ээлтэй тогтвортой байдалд суурилсан, өндөр өгөөж хүртэх олборлолтын стратегийг судалж сайжруулалт хийсээр байна.
Таны мэдлэгт: Mining Pool гэдэг нь блок олох эсвэл өөр аргаар криптовалютын олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд сүлжээгээр дамжуулан математик тооцооллын хүчин чадлаа нэгтгэдэг криптовалют олборлогчдын хамтарсан бүлгэм юм. Крипто олборлогч нь өөрийн хүссэн Mining Pool-дээ нэгдэж, хүссэн үедээ тухайн сонголтоо өөрчлөх боломжтой юм.