CRYPTO GUIDES | ETF гэж юу вэ?

2022-08-27

ETF гэж юу вэ?

ETF-ийг биржээр арилжаалагддаг сан гэдэг бөгөөд энэ нь хувьцаа, бондын адил хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. ETF нь хөрөнгийг бодитоор эзэмшихгүйгээр олон хөрөнгөд нэгэн зэрэг хөрөнгө оруулах хялбар арга юм. Тухайлбал, тус сан нь зөвхөн нэг ба түүнээс дээш олон индексийг дагнасан эвсэл тусгайлсан санхүүгийн хэрэгслүүд рүү хөрөнгө оруулалт хийдэг байж болно. Олон төрлийн ETF байдгаас дурдвал: S&P 500 ETF TRUST ETF (SPY) ETF энэ ETF нь зөвхөн АНУ-ын SP500 индексийг дагадаг бол криптовалют биткойныг ProShares Bitcoin Strategy ETF (BITO), Valkyrie Bitcoin Strategy ETF (BTF), VanEck Bitcoin Strategy ETF (XBTF), AdvisorShares Managed Bitcoin Strategy ETF (CRYP) гэх олон ETF-үүд дагадаг байна.

Ихэнх хүмүүсийн андуурдаг зүйл гэвэл хүмүүс брокерын компаниуд руу АНУ-ын S&P 500, Dow Jones, Монгол MSE TOP20 индексүүдийг авъя хэмээн холбогддог ч, индексийг худалдан авах боломжгүй бөгөөд тухайн индексүүдийг дагадаг ETF-үүдийг авч болно. Индекс гэдэг нь тухайн зах зээлийн тухайлсан нэг зүйлийг хэмжиж буй хэмжүүр юм.

Bitcoin ETF гэж юу вэ?

Биткойн ETF гэдэг нь биткойн буюу биткойны үнэтэй холбоотой хөрөнгөөс бүрддэг биржээр арилжаалагддаг сан юм. Биткойн ETF-ийг криптовалютын биржийн оронд хөрөнгийн бирж дээр арилжаалдаг. Энгийнээр тайлбарлавал, Биткойныг компани худалдан авч, үнэт цаасжуулан хөрөнгийн бирж дээр борлуулж байна гэсэн үг. Энэхүү хөрөнгө оруулалтын арга нь биткойнд хөрөнгө оруулах үйл явцыг илүү хялбар болгож, хэрэглэгчдэд тухайн крипто биржид бүртгүүлэх эсвэл крипто түрийвчтэй харьцахаас зайлсхийх боломжийг олгодог.

Анхны Bitcoin ETF гэж нэрлэгддэг ProShares Bitcoin Strategy ETF (BITO) нь 2021 оны 10-р сарын 19 өдөр нээлтээ хийсэн, эхний хэдэн өдөртөө 1 тэрбум гаруй долларын хөрөнгө босгосон нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн их арилжаалагдсан ETF болсон байна. Энэхүү ETF нь биткойнд шууд хөрөнгө оруулалт хийдэггүй, харин Bitcoin фьючерсийн гэрээнд өөр хувилбараар хөрөнгө оруулалт хийдэг байна. Энэхүү ETF гарснаас ердөө 10 хоногийн дотор фьючерсийн зах зээлийн гуравны нэг орчмыг богино хугацааны биткойн фьючерсийн гэрээ эзэлсэн байна.

Bitcoin фьючерс ETF гэж юу вэ?

Фьючерс гэрээ гэдэг нь тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ юм. Тэгвэл Биткойны фьючерсийн ETF нь биткойныг урьдчилан тогтоосон үнээр худалдах, худалдан авах гэрээ юм.

Жишээлбэл, ProShares Bitcoin Strategy ETF-ээр дамжуулан худалдан авалт хийх үед хөрөнгө оруулагч фьючерсийн гэрээ байгуулдаг санд худалдан авалт хийж байгаа ч, тус ETF нь хэрэглэгч өөрөө фьючерсэд хөрөнгө оруулахаас зайлсхийж, оронд нь уламжлалт хөрөнгө оруулалтын арга барилтай адил ProShares Bitcoin Strategy ETF (BITO)-д хөрөнгө оруулж байна гэсэн үг юм.