Криптовалютын залилан буюу луйвраас өөрийгөө хамгаалах нь

Крипто ертөнц хурдацтай хөгжиж, 1 их наяд долларын үнэлгээнд хүрснээр олон нийт криптовалютаас ашиг олох сонирхол нэмэгдэж, түүнийг нь дагаж энэ салбарын луйвар, залилан нэмэгдсээр байна.
Луйварчид таны мөнгийг хулгайлах шинэ арга замыг үргэлж хайдаг бөгөөд сүүлийн жилүүдэд крипто зах зээлд асар их өсөлт гарсан нь хууль бус үйл ажиллагаа явуулах сэдлийг бий болгосоор байна.
Крипто зах зээлийн мэдлэг дутмаг, “хурдан баяжих” хүсэл (шунал) нь иргэдийг залилан, луйварт өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. 2021 онд криптовалютын гэмт хэрэг бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн байна. Блокчэйн аналитик компани болох Chainalysis-ийн мэдээлснээр луйварчид 14 тэрбум долларын криптог хууран мэхэлж авсан гэнэ.
Хэрэв та криптовалютад хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бол боломжит эрсдэлийн талаар мэдэж байх хэрэгтэй. Энэхүү нийтлэлээрээ бид танд крипто луйвар болон түүний төрлүүдийг тайлбарлая.
Crypto Scam гэж юу вэ?
Цахим орчинд луйврыг SCAM (цаашид “крипто луйвар”) гэж нэрэлдэг. Луйвардуулсан хөрөнгөө буцааж олж авах нь бараг боломжгүй учраас крипто луйврыг цахим орчинд маш их үйлдэж байна.
Крипто луйварчдын түгээмэл ашигладаг үгсээс дурдвал:
- Битгий алдаарай!
- Өндөр өгөөжтэй!
- Эрсдэл байхгүй!
- 100% буцаана! Баталгаатай!
Крипто ертөнц одоогоор дэлхий даяар шинэ, зохицуулалтгүй зах зээл бөгөөд төвлөрсөн удирдлагагүй учир та крипто луйврын хохирогч болсон бол хууль эрх зүйн хамгаалалт, маргааны процесс байхгүй. Ингэснээр та алдсан хөрөнгөө буцаан олж авах боломжгүй болно. Иймээс бид хэрхэн өөрийн хөрөнгөө алдахгүй байхыг маш сайн мэддэг болох ёстой болж байгаа юм.
Ихэнх крипто луйврыг дараах ерөнхий 2 төрөлд хуваадаг байна. Үүнд:
- Луйварчин таныг өөртөө тодорхой криптовалют илгээхийг санал болгож оронд нь танд өндөр өгөөж амлах замаар, таны хөрөнгийг өөрийн болгож авах буюу өөрийн тань гараар шилжүүлэг хийлгэн таныг луйвардах.
- Луйварчин таны зөвшөөрөлгүйгээр таны крипто хэтэвч рүү нэвтэрч, таны хөрөнгийг хулгайлах.
Хамгийн түгээмэл крипто луйврын аргуудаас дурдвал:
- Fake Websites and Apps - Луйварчид биржүүдийн вэбсайт болон программуудыг дуурайлган хийж бий болгоно. Хуурамч вэбсайт нь жинхэнэ вэбсайттай маш төстэй байх тул шинэ крипто арилжаачдад ялгахад хүндрэлтэй байдаг. Зөвхөн вэбсайтууд төдийгүй гар утасны программууд ч хуурамч байж болно. Та тухайн платформ руу мөнгөө хийснээр, та өөрийнхөө хөрөнгийг алдана. Үүнээс сэргийлэхийн тулд баталгаатай вэбсайт мөн эсэхийг маш сайн ажиглах ёстой. Жишээлбэл, луйварчид таны мэддэг вэбсайтын нэрийн ганц л үсгийг өөрчлөх замаар жинхэнэ вэбсайтыг дуурайлган хийдэг.
- Investment Scams - Энэ төрлийн луйвар нь өөр өөр хэлбэрээр үйлдэгддэг боловч эцэст нь тэд танаас криптод хөрөнгө оруулалт хийхийг шаардаж, асар их ашиг олох, заримдаа баталгаатай өгөөжийг амлах, эрсдэл багатай эсвэл огт эрсдэлгүй хэмээн ятгах замаар таны хөрөнгийг луйвардах болно.
Луйварчид өөрсдийгөө хөрөнгө оруулалтын менежерүүд эсвэл зөвлөхүүд хэмээн нэрлэх бөгөөд танаас хөрөнгө оруулалт авч чадвал шууд л таг алга болно.
- Giveaway Scams - Урамшуулал зарлан, бэлэг өгөх луйвар гэдэг нь луйварчин Twitter, Discord гэх мэт олон нийтийн сүлжээнд мессеж нийтэлж, хүмүүсээс криптовалют илгээхийг хүсэж, таны илгээсэн дүнг хоёр дахин (эсвэл түүнээс дээш) өсгөж буцаан танд өгнө хэмээн амлана. Харин та итгэж тэрхүү хаяг руу крипто валют илгээвэл та хулхидуулах болно.
- “Rug Pull” Scams - Энэхүү луйврын арга шинээр гарч буй токенүүд дунд алдаршсан арга бөгөөд хүмүүст шинэ токенийг хүчтэй сурталчилж, бүх төрлийн олон нийтийн хэрэгслээр тус шинэ токенээ сурталчлан эрэлт үүсгэнэ. Харин эрэлт үүссэн, хөрөнгө оруулалтаа босгосны дараа үүсгэн байгуулагч, хөгжүүлэгчид ор сураггүй алга болдог бөгөөд тус шинэ токенийг худалдаж авсан хүмүүс нь ямар ч үнэ цэнгүй токентэй үлдэнэ.
- Technical Support Scams - Хэн нэгэн хүн таны ашигладаг крипто биржийн харилцагчийн үйлчилгээний агентын дүрд хувирах луйврын хэлбэр юм. Луйварчин тантай утсаар, цахим шуудан, мессеж эсвэл Telegram-аар холбогдож өөрийгөө хууль ёсны компани гэж мэдэгдэж, таны дансанд ямар нэг зүйл буруу байгааг дурдаж, таны крипто хөрөнгийг удирдахад туслахыг танд санал болгоно. Дараа нь тэд таны нэвтрэх мэдээлэл болон 2FA (давхар баталгаажуулалт) аюулгүй байдлын кодыг асууж таны дансанд нэвтэрснээр та хөрөнгөө алдана. X-Meta бирж хэрэглэгчдээс ХЭЗЭЭ ч хувийн мэдээллүүдийг нь асуухгүй бөгөөд та хэнд ч дараах мэдээллүүдээ өгч болохгүй гэдгийг анхаарна уу.
- Таны бүртгэлийн хэрэглэгчийн нэр
- Таны бүртгэлийн нууц үг
- Таны 2FA код
- Хэтэвчийн хаяг
Иймд та бүхэн дараах зөвлөмжүүдийг даган цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг зөвлөж байна.
- Танихгүй зурвас болон имэйлд бүү хариу өг. Таны ашигладаг крипто биржийн нэрийг барьж тантай холбоо тогтоох тохиолдол гардаг. Ийм үед таны авах хамгийн сайн арга хэмжээ бол шууд хариу өгөлгүйгээр тухайн байгууллагын албан ёсны холбогдох дугаар эсвэл имэйл хаягийг олж, энэ талаар мэдэгдэх хэрэгтэй.
- Хавсралтыг бүү нээ. Танихгүй илгээгчийн холбоос (линк) эсвэл хавсралтыг бүү нээ.
- Бүртгэлүүдийг тусад нь байлгах. Крипто биржийн данс болон өөрийн ашигладаг банкны дансыг холбож болохгүй. Давхар нууцлалыг заавал ашиглаарай.
- Нэн даруй арга хэмжээ ав. Хэрэв та өөрийн дансны хэвийн бус үйлдлийн талаар мэдэгдэл хүлээн авбал тэр даруй өөрийн нууц үг болон тус гүйлгээг зогсоох талаар хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэст хандана уу.
- Баталгаатай крипто биржүүд болон хэтэвчүүдийг ашигла. Өөрийн хувийн мэдээлэл болон криптовалютын аюулгүй байдлыг хангахын тулд нэр хүндтэй, олон улсын шаардлагад нийцсэн крипто бирж болон хэтэвчүүдийг ашиглаарай.